Их түүхийн улбаат Галттай Булнай, Баруун, Дунд, Зүүн Байдлаг, урсгал дөлгөөн Хэрлэнгийн хөвөө, Их зохилчийн “Миний нутаг” шүлгэнд мөнхөрсөн Байц Бэрхийн уулс, Галуутай Шинэ булаг, Дэлбэрхийн уудам хөндий, Хуцаа, Хужиртай, Рашаантын аманд тархан суурьшиж жилийн дөрвөн улиралд буянт мал сүргээ адгууланнмаллаж буй нийт малчид, нутгийн хоймор залрах Баяндэлгэр хайрханыхаа өвөр бэлд төрийн хэргийг түүчээлэн залгуулж буй ажилтан албан хаагчид, нутгийн брэнд эсгий, эсгий гутал үйлдвэрлэгчид болон газар тариаланчид, бизнес эрхлэгчид, тэдний гэр бүл, настан буурлууд, хүүхэд багачууд нутгийн нийт иргэд, манай цахим хуудсанд морилон буй эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас энэ 4 жилд Монгол Улсын Засгийн газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дэвшүүлсэн хөгжлийн хөтөлбөр, зорилтуудыг удирдлага болгож нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан сумынхаа хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах, энэ хүрээнд хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, Ардын хувьсгалын 100 жил, аймаг, сум байгуулагдсаны 100 жилийн ойг угтах, тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дэд бүтэц, эдийн засаг, хөдөө аж ахуй, нийгмийн бүхий л хүрээнд бүтээн байгуулалт өрнүүлж,
Иргэн бүр орлоготой
Өрх бүр ая тухтай амьдралтай
Сум орон нутаг маань хөгжил цэцэглэлттэй
Эдийн засаг нь өсөлттэй байх хөгжлийн зарчмуудыг төлөвлөн, дэвшүүлсэн зорилтууд, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө иргэд сонгогчдын итгэлийг хүлээсэн хурлын төлөөлөгчид бид иргэд олон түмнийхээ хүч хөдөлмөр, хамтын зүтгэл оролцоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болно.
Ирж буй цаг хугацаа он жилүүд ээл ивээлээ өгч, тавьсан зорилтууд сэтгэлчлэн бүтэж, сум орон, айл өрхийн амьдрал өөдлөн дэвжиж, амжилт бүтээл арвин түмэн олноороо эрүүл энх тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Хүчээ нэгтгэн ажиллаж
Хөгжлийг хамтдаа бүтээцгээе.